Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нарын ахалсан ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах талаар ажиллаж байна.
Энэ хүрээнд тус аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Ганболд болон холбогдох удирдлагуудтай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн асуудлаар хэлэлцлээ.
Хөдөө сумдад иргэн бүр ухаалаг утас, өндөр хурдны интернэт ашиглах боломжгүй учраас иргэд цахим үйлчилгээ авахаас илүүтэй өөрийн биеэр очиж үйлчилгээ авах эсвэл Киоск машиныг ашиглахыг илүүд үзэж байна. Тиймээс эхний ээлжид иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дэд бүтцийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг тус аймгийн удирдлагууд хэлж байна.
Түүнчлэн “ХУРДАН” цэгийг сум бүрт нээх, киоск машины тоог нэмэгдүүлэх, иргэдийн цахим урч чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах шаардлага байгааг онцоллоо.
Тус аймаг нь “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд “Цахим-Өвөрхангай” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн төсөлд Ухаалаг засаглал, Ухаалаг төрийн үйлчилгээ, Ухаалаг иргэн, Ухаалаг орчин зэрэг дөрвөн зорилтын хүрээнд арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Дээрх ажлын хэсэг 9 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд тус аймагт ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг сурталчлах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, Төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалтыг зохион байгуулна.