Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ӨСВӨРИЙН “ХУРДАН” КЛУБИЙН ГИШҮҮН Р.УУГАНБАЯР РОБОТ КОДЧИЛЛЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүн Р.Ууганбаяр БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан “ENJOY AI 2025” робот кодчиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дрон кодчилолын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. “ХУРДАН” клубийн гишүүн Р.Ууганбаяр нь Unitel STEAM Hub болон Ерөнхий боловсролын 2-р сургуулийн багш Ч.Баттулгын удирдлага дор бэлтгэгдсэн бөгөөд өнгөрсөн 10-р сард Ховд аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн ахлах ангийн сурагчдын дундах “ХУРДАН CUP” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн тамирчин юм.

Мөн Дархан-Уул аймгийн “ХУРДАН” клубийн гишүүн Н.Амин-Эрдэнэ “дэлгэцгүй кодчилол” төрөлд амжилттай оролцож хүрэл медаль хүртэж, Монголын багийн амжилтыг улам бататгалаа. Тэмцээнд амжилттай оролцсон сурагчид нь MonSTEAM – Монголын СТЕМ боловсролын академиас зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдгээр шалгарч, олон улсад өрсөлдөх эрхээ авсан шилдэг төлөөлөл юм.

Сурагчдын үзүүлсэн энэхүү бахархам амжилт бол өсвөрийн “ХУРДАН” клуб болон STEAM боловсролын хөтөлбөрүүд залуусын хөгжилд бодит үр дүнгээ өгч, өсвөр үеийнхний технологийн мэдлэг, инновацийн сэтгэлгээ, бүтээлч ур чадварыг дэлхийн жишигт нийцсэн түвшинд төлөвшүүлж буйг тод илтгэн харуулж байна. Цаашид Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь орон нутаг дахь “ХУРДАН” клубүүдийн үйл ажиллагааг дэмжих, өсвөр үеийнхэнд мэдээллийн технологийн боловсрол, инновацын чадавх олгох, олон улсын түвшний тэмцээн, хөтөлбөрт хамруулах ажлыг шат дараатай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Монгол Улсын нэрийг олон улсад өндөрт өргөж, робот болон кодчиллын чиглэлд бахархалт амжилт үзүүлсэн “ХУРДАН” клубийн сурагчид болон шавь нараа чадварлаг бэлтгэн чиглүүлсэн багш нартаа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын зүгээс халуун баяр хүргэж, цаашдын сургалт, хөгжлийн замналд нь улам их амжилт хүсье!