Цахим хөгжил харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөл хамтран өнөөдөр (2023.10.26) “Кибер тусгаар тогтнол” форумыг зохион байгуулав.
Энэхүү форумд төр, хувийн хэвшлийн 79 байгууллагын 170 гаруй төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Төрийн цахим үйлчилгээний зохицуулах газрын удирдлагууд, ажилтан, албан хаагчид, нийслэлийн “ХУРДАН” цэгийн үйлчилгээний ажилтнууд болон 21 аймаг дахь хэлтсийн үйлчилгээний ажилтнуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Манай улсын тухайд Зүүн өмнөд Азийн орнуудтай харьцуулбал кибер халдлагад 5 дахин илүү өртдөг гэсэн судалгаа гарсан нь үүнд чухалчлан анхаарал хандуулах шаардлага тулгараад байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал онцлов.
Тус форумаар
- Цахим орчны аюулгүй байдал,
- “Онц чухал мэдээллийн дэд бүтэц рүү чиглэсэн халдлагын нөхцөл байдал, түүнийг хамгаалах хамтын ажиллагаа,
- Цахим орчинд залилах, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх нь,
- Интернэт сүлжээний орчин дахь кибер аюул занал, өнөөгийн нөхцөл байдал зэрэг сэдвүүдийг хөндлөө.
“ХУРДАН” цэгийн үйлчилгээний ажилтнууд дээрх форумаас авсан мэдлэг, мэдээллээ орон нутагтаа түгээж, төрийн албан хаагчид болон иргэдэд холбогдох сэдвийн хүрээнд сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах юм.