Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ДОРНОД АЙМАГТ “ХУРДАН” ЦЭГ АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Дорнод аймагт өнөөдөр (2023.10.18) “Төрийн үйлчилгээний цэг – Хаанаас ч ойрхон” уриатай “ХУРДАН” цэг албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтэд тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Борхүү нарын тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо.

“ХУРДАН” цэг нь энэ оны 5 дугаар сараас эхлэн Дорнодчуудад төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг хүргэж байна. Тодруулбал, аймгийн Засаг Даргын Тамгын газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг хоёр байрлалд байрлаж, өнгөрсөн таван сарын хугацаанд нийт 3170 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлжээ.

Түүнчлэн “Монгол шуудан” ХК-ийн салбараар “ХУРДАН” цэгийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Ингэснээр “ХУРДАН” цэгийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй, цаг хэмнэсэн, амар хэмээн Дорнодчууд онцолж байна.

Аймгийн Засаг даргын зүгээс “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Цаашид сумдад “ХУРДАН” цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн байгууллагын тоо болон үйлчилгээг нэмж 56 байгууллагын 785 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж буй талаар ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар нээлтийн үеэр мэдээлэв.

May be an image of 4 people