Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН БҮХ ХОРООДОД “ХУРДАН” ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ.

Facebook
Twitter
LinkedIn

Засгийн газраас “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандартыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” цэгээр дамжуулан хэрэгжүүлж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойрхон хүргэх концепцийн дагуу “ХУРДАН” цэгийг улсын хэмжээнд бүх хороо, сумдад байгуулахаар ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд өнөөдөр /2024.06.04/ нийслэлийн алслагдсан дүүрэг тодотголтой Багахангай дүүргийн бүх хороодод “ХУРДАН” цэгийн үйлчилгээ нэвтэрлээ.

Багахангай дүүрэг нь 1,300 гаруй өрх, 4,600 гаруй хүн ам оршин суудаг. Засаг захиргааны 2 хороотой. Улаанбаатар хоттой 107 км төмөр зам, 90 км хатуу хучилттай хар замаар холбогдсон бөгөөд төмөр замын өртөөнд жилдээ 15,0-16,4 тонн ачаа тээвэрлүүлж, транзит ачаа 3.7-4.1 сая тонныг дамжин өнгөрүүлж дунджаар сая орчим зорчигч дайран өнгөрдөг 2-р зэрэглэлийн өртөөтэй онцлог бүхий дүүрэг юм.

Өмнө нь Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд оршин суудаг иргэн төрийн үйлчилгээг авахын тулд ойролцоогоор 8 км замыг туулдаг байсан бол өнөөдрөөс эхлэн иргэд хорооныхоо байрнаас авдаг болж цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжтой боллоо.

“ХУРДАН” цэгээс иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт зэрэг төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Одоогийн байдлаар “ХУРДАН” цэг нийслэлд 96 байршилд, орон нутагт 125 байршилд, хилийн чанадад 30 улсын 46 байршилд буюу нийт 267 цэгээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна.