Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан /2024.08.01/ өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн. Бүртгэл эхэлснээс хойш 08 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийслэлийн цэцэрлэгт нийт 68929 хүүхэд бүртгүүлжээ. Үүнээс 5 настай хүүхэд 19056, 4 настай хүүхэд 18355, 3 настай хүүхэд 17014, 2 настай хүүхэд 14500 хүүхэд бүртгүүлсэн байна.
Цэцэрлэгт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдах бөгөөд орон нутгийн хаягтай эсвэл түр оршин байгаа иргэн нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийг, улсын бүртгэлийг хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.
Бүртгэлийн эхний шат 08 дугаар сарын 18-нийг хүртэл үргэлжлэх тул иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө хийлгэхийг анхаарна уу.
Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт илгээх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Төв шуудан, “Да хүрээ” авто худалдааны төв, Улиастайн нэгдсэн зах, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт байрлах “Хурдан” цэгүүд болон Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн бүх хороодод байрлах “Хурдан” цэг зэрэг нийт 156 байршилд цахим бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхээс гадна харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.
Мөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэгээр хүлээн авах юм.