Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ӨСВӨРИЙН “ХУРДАН” КЛУБИЙН 2000 ГИШҮҮН “ЦАХИМ ОРЧИН БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОНД” СЭДЭВТ НОМТОЙ БОЛЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагатай хамтран “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян”-ыг улс даяар амжилттай зохион байгуулж байна.

5-р аяны нэг зорилт болох цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, түүнтэй холбогдох мэдлэг, мэдээллийг түгээхэд өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүд оролцох юм. Тиймээс “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагаас “ЦАХИМ ЭЛЧ” нарт зориулан “Цахим орчин бидний эргэн тойронд” сэдэвт 2000 ширхэг номыг хэвлүүлж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Уг бүтээл нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн Департамент хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн гэрээний хүрээнд “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн дэмжлэгтэйгээр боловсруулагдсан бөгөөд хүүхдийн цахим хэрэглээний мэдлэгийг нэмэгдүүлэх, цахим орчинд тулгарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх агуулгыг багтааснаараа онцлогтой.

Дээрх номыг 21 аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээрээ дамжуулан “ХУРДАН” клубийн гишүүддээ хүргүүлснээр орон нутгийн хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн нөлөөллийн ажил эхлэх юм.

Цаашид Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллага хооронд хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлж, зорилтот бүлгийн иргэд төрийн цахим үйлчилгээг илүү хүртээмжтэй, аюулгүй ашиглах орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллана.