Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр зарлигаар Төрийн захиргааны албан хаагчдад Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгосныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гардууллаа.
Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Пүрэвжавын Батбаатарт Тэргүүн түшмэлийн дөтгөөр зэрэг хүртээв.
П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020-2023 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар томилогдож, төрийн дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ хугацаанд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, хилийн боомтууд, гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт зэрэг 522 байршилд “ХУРДАН” цэг, хөдөлгөөнт “ХУРДАН” цэг, 800 гаруй байршилд “ХУРДАН” киоск төхөөрөмжийг байршуулах ажлыг удирдан зохион байгуулж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлээд байна.

Мөн хотоос хөдөө рүү шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилготой www.huduu.mn, Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас www.gov.mn, цахим лавлагааны систем www.lavlagaa.mn, Төлбөрийн нэхэмжлэхийн систем www.tulbur.gov.mn, Нээлттэй мэдээллийн систем www.shilen.gov.mn зэрэг системүүдийг хариуцан хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.
Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд нийт 172,538 иргэн, төрийн албан хаагчийг сургалтад хамруулснаас гадна Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн, ахмадын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ХУРДАН” клубийг нийслэл болон 21 аймагт байгуулсан зэрэг шинэ санаачилгуудыг гаргаж, цахим засаглалыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, ХҮН төвтэй болгоход манлайлан ажиллаж байна.