Иргэд аливаа улсын виз мэдүүлэхдээ дунджаар 4-8 төрлийн лавлагааг бүрдүүлж виз мэдүүлгийн газарт өгдөг. Тэгвэл иргэд лавлагаа, мэдээллээ тухайн виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллагаасаа авах боломжийг ЦХХХ-ны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас бүрдүүлж байна.
Тодруулбал, иргэн та төрийн байгууллага руу явахгүй ТҮЦ болон “E-Mongolia” системээс лавлагаагаа авч үйлчилгээний байгууллагад өгдөг байсан бол үйлчилгээний байгууллага таны зөвшөөрлөөр таны мэдээллийг өөрсдөө ХУР системээс бүрдүүлнэ.
Тус систем нь иргэнийг таньж, баталгаажуулах, үйлчилгээний байгууллага иргэний мэдээлэлд хандахдаа иргэнээс цахимаар зөвшөөрөл авах технологийн шийдэл юм.
Энэ хүрээнд өнөөдөр (2023.11.08) БНСУ-ын виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллага болох “Chingiss journey” ХХК-д Lavlagaa.e-mongolia.mn системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай үзүүлэх нөхцөлийг улам сайжруулсан боломжийг төр, хувийн хэвшил хамтран бий болгож байна.
Ингэснээр иргэд аливаа улсын виз мэдүүлэхдээ өөр тийш явж, түгжрэлд орж, дараалалд зогсон цаг алдахгүй болж байна.
Өнөөдрийн байдлаар Монголчуудын хамгийн их виз мэдүүлдэг БНСУ, Шингений улсууд болон бусад виз мэдүүлгийн газруудын бүрдүүлэх материалд ямар төрлийн визны ангилалаас шалтгаалаад дараах 8 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос шаарддаг байна. Үүнд:
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас
- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
- Шинжилгээний хариу авах зэрэг багтаж байна.
Цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бусад виз мэдүүлгийн байгууллагуудад дээрх Lavlagaa.e-mongolia.mn системийг нэвтрүүлж, хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд виз мэдүүлгийн байгууллагуудын хамтран ажиллах саналыг хүлээн авахад бэлэн байгааг ТЦҮЗГ-ын удирдлагууд хэлж байна.
Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцох энэхүү Lavlagaa.e-mongolia.mn системийг өнгөрсөн оны 11 дүгээр сард нээж, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төв, Гаалийн Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий газар болон татвар, цагдаа, нийгмийн даатгал, Газрын алба, Банк, ББСБ зэрэг 15 байгууллагын 87 үйлчилгээг нэвтрүүлсний 81 үйлчилгээ нь үнэ төлбөргүй юм. Тус системийг нээсэн цагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар 150 мянган лавлага, тодорхойлолтын үйлчилгээг хүргэсэн судалгаа байна.