REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ – ХЯЛБАР ЗОХИЦУУЛАЛТ – БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зөвшөөрөл олголтын үйл ажиллагааг хялбаршуулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор тус сургалтыг энэ сарын 03- 04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад зөвшөөрөл олгох, хүлээн авах, шийдвэрлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагын албан хаагчид оролцож, зөвшөөрлийн шинэчлэл, нэгдсэн тогтолцоо, хууль, журмын хэрэгжилт, зөвшөөрлийн цахим систем (license.mn)-ийн ашиглалтын талаар нэгдсэн мэдээлэл авч байна.

Энэ үеэр Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх Газрын дарга П.Батбаатар “Зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцууллаа. Зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 жилээс доошгүй хугацаанд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон тохиолдолд магадлан шалгах ажиллагаа хийхгүйгээр хоёр хоногийн дотор сунгах боломжтой болсныг онцлов.

Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү “Зөвшөөрлийн үйл ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагч нарын анхаарах асуудал, сургалтын агуулга” сэвдээр илтгэл хэлэлцүүлсэн төдийгүй Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг хялбаршуулах, мэдэгдэл, зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулах, иргэн, аж ахуйн нэгжид шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд 9 ангиллын 83 үйл ажиллагааны хууль тогтоомж, нөхцөл, шаардлагын мэдээллийг цахим системд байршуулж, 2026 оны 8 дугаар сарын 14-ний байдлаар 19,948 мэдэгдэл иргэн, аж ахуйн нэгжид хүргээд байна. Мөн худалдаа, үйлчилгээний цахим хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрх бүхий 265 төрийн албан хаагчийг 11 удаагийн сургалтаар чадавхжуулжээ.

Цахим үйлчилгээг орон нутагт өргөжүүлэх хүрээнд 21 аймагт нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, холбогдох албан хаагчдыг сургалтад хамруулан, худалдаа, үйлчилгээний мэдээлэл болон хүсэлтийг цахимаар хүлээн авах бэлэн байдлыг хангаад байна. Сургалтын үеэр зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, цахим системийн үйлдлийн тохиргоо зэрэгт практик дадлага хийж, зөвшөөрөл олголтын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Энэхүү сургалт нь зөвшөөрөл олголтыг хялбар, шуурхай, ил тод, цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулан, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.