Төрийн үйлчилгээг иргэдэд ойроос, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий “ХУРДАН” цэг өнөөдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “22 авто худалдааны цогцолбор”-т нээгдлээ. Ингэснээр тус байршилд автомашин борлуулагч, үйлчлүүлэгч иргэд, аж ахуй нэгжүүд, болон Сонгинохайрхан дүүргийн баруун бүсийн оршин суугчид энэхүү цэгээс төрийн үйлчилгээг шуурхай авах боложтой боллоо. Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг зөвхөн хотын төвд бус нийслэлийн алслагдсан хороодод хүртээмжтэйгээр байгуулах бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд цаашид Сонгинохайрхан дүүрэгт 5-6 цэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна.
Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой.
Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18, хилийн чанадад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд 4 болон 5 дугаар сард нээлтээ хийнэ.