Технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэн, туршлага солилцох үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болох “Tech Week 2025” улс даяар өрнөж байна.

Энэ хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь мэдээллийн технологийн хүний нөөцийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “Цахим аймаг”-ийн зорилтыг хэрэгжүүлэх болон цахим шилжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх салбарын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнууд, төрийн албан хаагчид, мэдээлэл зүйн багш нар оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, дэвшилтэт технологи, инновацыг нутагшуулах боломж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож байна.

Өнөөдөр Баянхонгор аймагт эхэлсэн хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд Аймаг хариуцсан хэлтсийн дарга Б.Дөлгөөн тэргүүтэй албаны хүмүүс оролцсон ба орон нутагт мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих бодит шийдэл, санаачилгуудыг тодорхойлох зорилт тавьж байна.
