Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд “Гэрэгэ Системс” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2017 онд байгуулагдсан “Гэрэгэ Системс” ХХК нь төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг иргэдэд хялбар хүргэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Үндэсний дата төв” УТҮГ-тай хамтран бүх сум, суурин газарт төрийн үйлчилгээний “ХУРДАН” киоск төхөөрөмжийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Санамж бичиг байгуулагдсанаар талууд дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой боллоо. Үүнд:
– Төрийн цахим үйлчилгээг нэг цэгээс хүргэх боломжийг нэмэгдүүлж, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах;
– Дижитал инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг төрийн цахим платформуудтай уялдуулах;
– Иргэдийн цахим боловсрол, хэрэглээний соёлыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг хамтран зохион байгуулах;
– Цахим шилжилтийг дэмжих шинэлэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
Санамж бичиг байгуулах үеэр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар:
“Иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхэд хувийн хэвшлийн туршлага, дэвшилтэт технологийг төрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх нь нэн чухал. Энэхүү хамтын ажиллагаа нь цахим шилжилтийн хөгжилд шат ахиулж, олон нийтэд илүү уян хатан, хүртээмжтэй үйлчилгээг бий болгоход чиглэнэ” гэдгийг онцоллоо.
Харин “Гэрэгэ Системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал:
“Манай компани төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, дижитал шилжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй, хурдан шуурхай үйлчилгээг бий болгоход манлайлал үзүүлнэ” гэсэн юм.
