REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“ЦАХИМД Ч НАЙЗ БАЙЯ” ҮНДЭСНИЙ НӨЛӨӨЛЛИЙН АЯН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Хүүхэд, өсвөр үеийнхний цахим орчин дахь зөв хэрэглээ, цахим ёс зүйг төлөвшүүлэх, цахим дээрэлхлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аян 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл улс орон даяар амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтын арга хэмжээгээ зохион байгуулж, аянд идэвхтэй оролцсон шилдгүүдээ тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хоёр сарын хугацаанд улс орон даяар хэрэгжсэн тус аяны хүрээнд нийслэл болон 21 аймагт нийт 231 сургагч багш, 1,182 “Цахим элч”-ийг бэлтгэн чадавхжуулж, хүүхэд хүүхдэдээ эерэг нөлөө үзүүлэх үндэсний сүлжээг бүрдүүллээ.

Сургагч багш, цахим элч нарын оролцоотойгоор нийслэлд 8, орон нутагт 183 удаагийн сургалт зохион байгуулж, 151 сургуулийн 21,936 сурагчийг хамруулсан бол цахим соёл, цахим аюулгүй байдлын чиглэлээр 683 төрлийн контент бэлтгэн түгээж, нийт 2.6 сая гаруй хандалт авчээ. Мөн хэлэлцүүлэг, подкаст, “Цахим мацаг” нөлөөллийн арга хэмжээ, Bully Box нууц мэдээллийн суваг зэрэг олон талт үйл ажиллагааг улс орон даяар хэрэгжүүлж, нийт 38 мянга гаруй хүнд шууд хүрсэн байна.

“Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аян нь зөвхөн нэг байгууллагын санаачилга бус, хүүхэд хамгаалал, цахим боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурласан үндэсний хэмжээний хөдөлгөөн болж өргөжсөнөөрөө онцлог байлаа.

Аяны хүрээнд улс орон даяар нийт 137 байгууллага нэгдэн ажилласан бөгөөд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, “Yes Mongolia” ТББ болон 108 хүүхдийн тусламжийн утас, хамгааллын үйлчилгээний төв зэрэг байгууллагууд манлайлан оролцож, хүүхэд, өсвөр үеийнхний аюулгүй, эерэг, хариуцлагатай цахим орчныг бүрдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж оролцлоо.

Хаалтын арга хэмжээний үеэр аяны зорилго, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцсон шилдэг оролцогчдыг шалгаруулж, шагнал гардууллаа.

Тухайлбал:

Шилдэг сургууль: Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын 2-р сургууль

Шилдэг сургууль: Дорнод аймгийн ерөнхий боловсролын 5-р сургууль

Шилдэг “ХУРДАН” клуб: Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн “ХУРДАН” клуб

Шилдэг “Цахим Элч”: Говь-Алтай аймгийн өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүн О.Төгөлдөрсайхан

Шилдэг “Цахим Элч”: Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн “ХУРДАН” клубийн гишүүн Б.Цолмонтуяа

Шилдэг “Цахим Элч”: Архангай аймгийн өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүн О.Цолмон

“Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аян нь богино хугацаанд улс орон даяар өргөн хүрээний оролцоог бий болгож, хүүхэд хамгаалал, цахим соёл, цахим орчны зөв хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн үндэсний хэмжээний хөдөлгөөн болж чадлаа. Цаашид аяны хүрээнд бий болсон хамтын ажиллагаа, сайн туршлага, оролцооны сүлжээнд тулгуурлан хүүхэд, өсвөр үеийнхний аюулгүй, эерэг, хариуцлагатай цахим орчныг бүрдүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.