Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн албанд олон жил тууштай, хариуцлагатай ажиллаж, төрийн үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсныг үнэлж Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар хяналтын газрын дарга И.Хайратбек, мэргэжилтэн Ц.Бумцэнд нарт “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгийг хүртээлээ. И.Хайратбек нь төрийн албанд 21 жил ажиллах хугацаандаа төрийн удирдлагын бодлого, жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн эрх зүйн шинэчлэл, чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төрийн цахим үйлчилгээний хяналт, процессын сайжруулалт зэрэг олон чиглэлд үр дүнтэй ажиллаж, салбартаа хувь нэмэр оруулсан тул энэхүү хүндэт шагналаар шагнасан юм.

Ц.Бумцэнд нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 33 жил ажиллаж, төрийн ёслол, дээд хэмжээний айлчлал, олон улсын арга хэмжээний техник, холбооны найдвартай ажиллагааг хангах, төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал, инженерингийн үйл ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсан.

Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт ажиллах хугацаандаа цахим үйлчилгээний хяналт, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг манлайлан ажиллаж буй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг үнэлж, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт албан хаагчдынхаа хичээл зүтгэлийг дэмжиж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.