Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагуудын хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүх үйлчилгээг улсын хэмжээнд тодорхойлох, тоолох, бүртгэх, ил тод болгох ажлыг зохион байгууллаа.
Судалгаанд төрийн 6,031 байгууллага хамрагдаж, давхардсан тоогоор 19,224 үйлчилгээ бүртгэгдэн, төрийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан бүрдсэн байна.
Эдгээр үйлчилгээний:
•77 хувь нь төрийн болон төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдээр дамжуулан цахимаар,
•23 хувь нь уламжлалт буюу цаасан суурьтай хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд хүрч байна.
Үүний зэрэгцээ үйлчилгээний давхардлыг арилгах, бодит тоог тодорхойлох ажлын үр дүнд 1,392 байгууллагын 3,189 үйлчилгээ давхардалгүй болох нь тогтоогдлоо.
Давхардалгүй 3,189 төрийн үйлчилгээнээс:
•2,367 үйлчилгээ бүрэн цахимжсан бөгөөд
энэ нь төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжсэнийг илтгэж байна.
Харин үлдсэн 822 үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байгаа юм.
Давхардалгүй үйлчилгээний мэдээллийг нарийвчлан хянахад:
•71.4 хувь (2,277 үйлчилгээ) нь мэдээллийн хувьд баталгаажсан,
•11.2 хувь (358 үйлчилгээ) нь нэршлийг нэг мөр болгох шаардлагатай,
•5.2 хувь (164 үйлчилгээ) нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай дахин нягтлан шалгах шаардлагатай гэж тус тус тодорхойлогдсон байна.
Иймд төрийн үйлчилгээний мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэх, цахим шилжилтийн явцыг ил тод болгох зорилгоор төрийн үйлчилгээний бүртгэлийн services.khurdan.gov.mn цахим системийг ашиглалтад оруулж, байгууллага тус бүрийн үйлчилгээ болон цахим шилжилтийн хувийг олон нийтэд нээлттэй байршуулаад байна.
Цаашид үйлчилгээний нэршлийн зөрүүг арилгах, давхардалгүй мэдээллийг нарийвчлан сайжруулах, системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийх, мэдээллийг тогтмол шинэчлэн бүртгэх зохицуулалтыг холбогдох байгууллагуудад хариуцуулан хэрэгжүүлж, 2026 оны 4 дүгээр сар гэхэд төрийн үйлчилгээний бүртгэл, цахим шилжилтийн мэдээллийг бүрэн ил тод болгохоор ажиллаж байна.
