Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн ахмад зүтггэлтнүүд, инженер, техникийн ажилтан, төр хувийн хэвшлийн байгууллагууд, салбарын нийт ажилтан, албан хаагчид та бүхэнд Монгол Улсад орчин үеийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
1921 онд Монгол Улсад анхны шуудан, цахилгаан холбоо үндэс суурь тавигдсанаас хойш Монголын харилцаа холбооны салбар улс орны хөгжил дэвшилтэй уялдан хөгжиж, өнөө цагт дижитал шилжилтийн тэргүүлэх салбар болон түүчээлж байна.
Энэ салбарын нэг төлөөлөл болсон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл, 21 аймаг дахь салбар хэлтсээр дамжуулан:
– Төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэх зохион байгуулалт хийх.
– Төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, мэдээлэл, зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэх.
– Нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдөл, цахим ур чадвар, үйлчилгээний чанар хяналтын чиглэлээр ажиллаж байна.
Төрийн цахим шилжилт үйлчилгээний газар нь цаашид шинэ технологи, дэвшилтэт шийдлийг үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлэн иргэн төвт төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулан ажилласаар байх болно.
Монголын орчин цагийн харилцаа холбооны үүсэл хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, 105 жилийн түүхэнд гар бие оролцсон, оролцож буй салбарын нийт хүмүүст талархал дэвшүүлж, ойн баярын халуун мэнд хүргэе.
