Skip to main content

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМ ӨМНӨГОВЬ” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас баримталж буй бодлогын хүрээнд Өмнөговь аймагт «Цахимаар нэн тэргүүнд» зндэсний хөдлөгөөнийг өрнүүлж “Цахим Өмнөговь” цогц арга хэмжээг албан ёсоор эхлүүлж, нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо.

Нээлтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон салбарын удирдлагууд, албаны төлөөлөл, салбарын мэргэжилтнүүд, засгийн газрын болон нутгийн захиргаа, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов. Өмнөговь аймаг нь нийт төрийн 156 байгууллагын 498 үйлчилгээ үзүүлж байгаагаас 86% нь цахим хэлбэрт шилжсэн төдийгүй иргэдийн цахим ур чадварын хувь 72.9% байгаа нь улсын дунджаас өндөрт тооцогдох цахим шилжилтийг эрчимжүүлж буй аймаг юм.

Тухайн аймагт байгуулагдаж буй Дата төв нь бүс нутгийн уул уурхай, логистик, нутгийн захиргааны их өгөгдлийг (Big Data) аюулгүй хадгалах, өгөгдөлд суурилсан ухаалаг шийдвэр гаргах суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой дэд бүтэц болж байна.

Өмнөговь аймгийн бүх суманд төрийн үйлчилгээний 15 «ХУРДАН» цэг, 30 өөртөө үйлчлэх «24/7» киоск төхөөрөмж ажиллаж, иргэд 600 гаруй төрлийн үйлчилгээг саадгүй авч байна. Арга хэмжээний хүрээнд малчны хотонд ч хүрч үйлчлэх Хөдөлгөөнт «Хурдан» цэгийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Өмнөговь аймаг дахь Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэст гардуулан өгөв. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, шуурхай хүргэх үүднээс Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг (БОЭТ) түшиглэн “Өөртөө үйлчлэх 24/7 цэг” -ийг шинээр ашиглалтад оруулах ёслолын ажиллагааг салбарын сайд нээсэн юм.

Түүнчлэн цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 8 багц сургалтыг ахмад настан, сурагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид зэрэг нийт 1,200 хүнийг хамруулан төрийн цахим үйлчилгээ, төрийн нэгдсэн системүүд, нээлттэй мэдээлэл, кибер аюулгүй байдал болон систем хоорондын уялдаа холбоо, дэд бүтцийн талаарх болон бүх нийтийн цахим ур чадварын сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хэлэлцүүлгүүд үргэлжлэн явагдах бол салбарын сайд болон албаны төлөөлөл Өмнөговь аймаг дахь харьяа, салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсанаар арга хэмжээ өндөрлөнө.