Төрийн албан хаагчдын чадавх бэхжүүлэх гуравдугаар бүсийн уулзалт Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2026 оны 11 дүгээр сарын 12–13-ны өдрүүдэд болж байна. Тус чуулганд Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн 300 орчим төрийн албан хаагч оролцож буй юм.

Канад улсын Засгийн газрын санхүүжилт бүхий “Канад–Монголын Мерит” төслийн дэмжлэгээр Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Монгол Улс Ёс зүйн хороо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн Үндэсний Хороо, Удирдлагын академи, Архангай аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

Форумын оролцогчид төв болон орон нутгийн байгууллагуудын уялдааг сайжруулах, бодлого, техникийн дэмжлэгийг орон нутгийн хэрэгцээтэй нийцүүлэх чиглэлээр хэлэлцэж байна. Түүнчлэн харилцан туршлага солилцож, бодлогын хэрэгжилт дэх сорилтуудыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх зөвлөмж гаргана.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Чанар, хяналтын газрын дарга И.Хайратбек “Төрийн их өгөгдөл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэн ажиллаж байна. Энэхүү бүсийн чуулган нь мэргэшсэн, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлж, төрийн бодлогын үр өгөөжийг иргэдэд бодитоор хүргэхэд чухал ач холбогдолтой.

