Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд “Цахим Сэлэнгэ” арга хэмжээг зохион байгуулсан.

Арга хэмжээний хүрээнд аймгийн өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүн сурагчдын дунд Дрон жолоодлого, кодчиллын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.

Хүүхэд, залуучуудын дижитал ур чадварыг хөгжүүлэх, инженерчлэл, программчлалын сэтгэлгээг бага наснаас нь төлөвшүүлэх зорилготой уг тэмцээнд оролцсон тамирчдын хамгийн балчир нь 9 настай байсан нь орон нутгийн сурагчдын дунд шинэ технологийн эрэлт, сонирхол өндөр байгааг илтгэлээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймагт хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, тариалангийн талбайн хяналт, ургамал хамгааллын үйл ажиллагаанд ухаалаг технологи болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн (дрон) хэрэглээ эрчимтэй нэвтэрч байна.

Энэхүү орон нутгийн хөгжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг багаас нь дрон жолоодлого, кодчиллын анхан шатны мэдлэгт сургаж буй нь бүс нутгийн ирээдүйн мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэхэд стратегийн чухал ач холбогдолтой юм.

“ХУРДАН” клуб нь орон нутгийн иргэдэд орчин үеийн технологийн боловсрол түгээх, хот, хөдөөгийн цахим хуваагдлыг бууруулах санаачилгыг хэрэгжүүлэхэд идэвхийлэн ажиллаж байна.

