Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг шинээр байгуулж, төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх “ХУРДАН” цэгийг улс орон даяар болон хилийн чанадад нийт 504 байршилд нээх ажил эрчимтэй явагдаж байна.
Тус ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар дөрөвдүгээр сарын 13-ны өдөр БНЭУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн нээлтийг хийлээ. Ингэснээр тус улсад ажиллаж, сурч, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн үйлчилгээг ойроос, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.
Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд анхаарч нийт 47 улсад “ХУРДАН” цэгийг байгуулахаар төлөвлөснөөс БНСУ-ын Сөүл, Бусан хотод 3 цэг, Австри улсын Вена хотод нэг цэгийг нээсэн бол БНЭУ-ын Дели хотод 5 дахь цэгийг ийнхүү нээлээ.
Өнөөдрийн байдлаар “ХУРДАН” цэгийг Улаанбаатар хотод хүн амын нягтрал ихтэй 14 байршилд нээж, үйл ажиллагаа нь эхэлсэн ба аймгуудад нээх бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байна. “ХурДан” цэгээс төрийн 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлж байгаа юм. Цаашид үе шаттайгаар 55 байгууллагын 790 орчим үйлчилгээг үзүүлнэ.
Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, ил тод, шуурхай байлгах тус ажлыг зохион байгуулахад УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар онцгой анхаарч ажиллаж байна. БНЭУ-д “ХУРДАН” цэгийг нээхэд шуурхай зохион байгуулж ажилласан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон бүх талаар дэмжлэг үзүүлсэн консул Б.Цолмон, дипломат төлөөлөгчийн газрын хамт олонд байнгын хорооны дарга талархал илэрхийллээ.