Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ХУРДАН” ЦЭГ НЬ АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн үйлчилгээ авахаар зорчиж буй иргэд зам тээврийн түгжрэлд багагүй хувийг эзэлдэг судалгаа бий. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас байгуулж буй “Хурдан” цэг авто замын түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа юм. Тиймээс өнөөдөр /2023.08.31/ Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын удирдлага, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзлаа.

Тус уулзалтаар “Хурдан” төвийн үйл ажиллагаа нь цаашид нийслэл хотын түгжрэлийг бууруулахад хэрхэн нөлөөлөл үзүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 45 “Хурдан” цэгийг нээж, 35 байгууллагын 440 цахим үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар хэлэхдээ: Иргэд цахимаар төрийн үйлчилгээ авах боломж нээлттэй хэдий ч ялангуяа орон нутгийн иргэд, ахмадууд төвлөрсөн цэгээр үйлчлүүлэх шаардлага хэрэгцээ байгааг онцлоод улмаар “Хурдан” цэгийг хувийн хэвшлийн барилга байгууламжийг ашиглах, хороодод байгуулах зэргээр төсөвт хүндрэл учруулахгүйгээр төлөвлөж, ажлаа эхлүүлээд байгаа…” гэлээ.

Төрийн үйлчилгээ авахын тулд сумаас аймаг, аймгаас хот руу, хотын захаас хотын төв рүү зорчих байдлыг халах бодлогоор судалгаанд суурилан оновчтой байршлыг тодорхойлж цэгүүдийг байгуулах, харъяалал харгалзахгүй иргэдэд үйлчлэх, мөн авто машин, нийтийн тээврээр зорчихгүйгээр “Хурдан” цэгт алхаж хүрэх боломжтойгоор байршлын цэгүүдийг тодорхойлох нь чухал гэдгийг Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга Б.Оргил онцолсон.

Өнөөдрийн уулзалтаар дээрх байгууллагууд Замын хөдөлгөөний ачаалал, зорчилтыг бууруулахад холбогдох судалгаанд үндэслэн байршлын цэгийг нэмж тодорхойлох, Шаардлагатай судалгаануудыг хийх, Нийтийн тээврийн хэрэгслээр дамжуулан “Хурдан” цэгийг иргэд, олон нийтэд сурталчлах зэрэг ажлуудад хамтран ажиллахаар хэлэлцлээ.