Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ЮНЕСКО-ИЙН (IFAP)-ИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО 2027 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХЭЛЭЛЦЭВ

Facebook
Twitter
LinkedIn

ЮНЕСКО-ийн “Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр” (IFAP)-ийн Үндэсний хорооны уулзалт цахимаар зохион байгуулагдлаа.

Уулзалтад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга бөгөөд ЮНЕСКО-ийн “Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр” (IFAP)-ийн үндэсний хорооны дэд дарга Ц.Борхүү болон МТҮП, МУИС, ШУТИС, Мэдээлэл технологийн нэгдсэн холбоо, Фаро Фаундейшн, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын төлөөлөл оролцов.

Уулзалтаар 2029 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн үндсэн чиглэл болон 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, мэдээллийн хүртээмж, хүүхдийн цахим хэрэглээ, хиймэл оюуны ёс зүй, цахим шилжилт, хэвлэл мэдээллийн суурь боловсрол зэрэг чиглэлээр хэрэгжүүлэх ажлын саналуудыг танилцууллаа.

Тухайлбал, ЮНЕСКО-ийн “Цахим орчинд өсөж буй хүүхэд” гарын авлагыг монгол хэлнээ орчуулан нутагшуулах, эцэг эх, багш, бодлого боловсруулагчдад хүргэх, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудад хиймэл оюун, цахим шилжилтийн чиглэлээр сургалт, чадавхжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал дэвшүүлэв.

Мөн 0–3 насны хүүхдэд зориулсан эх хэл дээрх контент хөгжүүлж, хүүхдийн гадаад хэл дээрх контентын хэрэглээг бууруулахад чиглэсэн санаачилгыг онцоллоо. Үүний зэрэгцээ IFAP-ийн тусгай сан болон олон улсын түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр үндэсний болон бүс нутгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохирлоо. IFAP-ийн Үндэсний хороо цаашид цахим орчин дахь олон хэлний ялгаатай байдал, мэдээллийн хүртээмж, хэвлэл мэдээллийн суурь боловсрол, мэдээллийн хадгалалт хамгаалалт, мэдээллийн ёс зүй, хүртээмжтэй мэдээлэл гэсэн зургаан үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлнэ. Монгол Улс 2023–2029 онд ЮНЕСКО-ийн (IFAP)-ийн Засгийн газар хоорондын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд Үндэсний хороо нь тус хөтөлбөрийн зорилго, зорилтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чиглэн ажиллаж байна