Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ЕРТӨНЦИЙН ЗҮГЭЭР ХАЯГАА ЗААХ НЬ ХОЦРОГДСОН! ХАЯГЖИЛТЫГ ТЕХНОЛОГИОР ШИЙДЬЕ!

Facebook
Twitter
LinkedIn

“Замын уулзвар өнгөрөөд, худаг бий. Тэрийг тойроод шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр баруун талд” гэх зэргээр байршлаа баримжаалах нь өдөр тутам иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Төөрүүлдэг. Олон тохиолдолд хаяг ойлгомжгүй, албан бус байдлаас болж түргэн тусламж түргэн хүрдэггүй, онцгойнхон олж очдоггүй, цагдаа цагтаа ирдэггүй эрсдэлт нөхцөл байдал үүсэх нь бий.

Бид ертөнцийн зүг чигээр хаягаа заах бус гуравхан үгийн тусламжтайгаар “what3words” аппликэйшнээр хаягаа амар хялбар заах боломжийг бүрдүүллээ.

Жишээлбэл, иргэн А гэрийнхээ гаднах ///:юүлэх.зүсмэл.алжаах гэсэн 3 үгийг ирэх гэж байгаа хүнд хэлнэ. Очих хүн what3words аппликэйшнд юүлэх.зүсмэл.алжаах гэсэн гурван үгээр хайлт хийж, хаана очих, яаж хүрэхээ Google map, Imap-ын тусламжтай тодорхой мэдэж авна.

Гурван үгт хаягийн самбар нь олоход хялбар, цахим худалдааны шуудан хүргэгч, эмнэлэг, цагдаа, онцгойн багууд явах зам, хүрэх газраа ямар ч эргэлзээгүй мэдэж яаралтай тусламж үзүүлэхэд үр ашигтай арга юм. “What3words” компани дэлхий даяар байршил тодорхойлох арга барилд шинэчлэлт авчирч байна.

Монгол улс бол газар нутаг уудам, хүн амын суурьшил сийрэг, хагас нүүдэлчин амьдралын хэв маягтай. Газар нутгийн ихэнх хэсэгт хаягжилт хангалтгүй, зарим газарт огт хаягжилт байдаггүй. Өргөн хүрээнд авч үзвэл энэ байдал бизнес, төрийн үйлчилгээний хөгжлийг хойш татаж байна.

Энэ технологи нь оффлайн горимд ч ажилладаг тул дата холболт хангалтгүй газруудад ашиглахад тохиромжтой. Монгол зэрэг 60 хэлээр ашигладаг. Дэлхийн хүн амын талаас илүү нь төрөлх хэлээрээ ашиглах боломжтой. iOS болон Android үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд аппликэйшнийг татаж авахад үнэ төлбөргүй, “what3words.com” вэбсайтаар онлайн газрын зураг хэлбэрээр ашиглахад тохиромжтой. Төслийн үрээнд “И-Монгол Академи” УТҮГ нь “e-Mongolia” аппликэйшнд “e-Kids” хэмээх аюулгүй байдлын шинэ функц нэмж, “what3words” технологи суурилуулсан.

Хүүхэд хаана байгаа газрынхаа “what3words” буюу 3 үгт хаягийг эцэг эх, асран хамгаалагчидадаа нэг товчлуур дараад илгээдэг. Ээж аавууд хүүхдээ байх ёстой газартаа байгааг мэдэж сэтгэл тайван байх боломжтой. “Юнител”, “Мобиком”, “Скайтел”, “ЖиМобайл”, “ОНДО” компаниуд уг шийдлийг дэмжиж, “e-Mongolia”, “e-Kids” ашиглахад ямар ч төлбөр, дата шаардахгүй болгосон.

Өнөөдөр СБД-ийн 18-р хороонд хаягжилтийн цахим шийдлийн жишээ болгож 2059 өрхөд 3 үгт хаяг тодорхойлж ашиглаж эхэллээ. Энэ жишгээр бүх айл өрх, албан байгууллага, шаардлагатай бүх байршлыг Монгол орны өнцөг булан бүрт хаягжуулах боломж бүрдэж байна.

Та бүхэн өөрийн байршлынхаа 3 үгт хаягийг тодорхойлж туршиж үзээрэй. Хөдөө болон гэр хороололд аж төрж буй ахмадуудад, сургууль дугуйландаа ганцаараа явдаг багачууддаа зөвлөж, заагаарай.

May be an image of text