Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМ АЙМАГ” БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, ЦХХХ-ны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Борхүү нарын ахалсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулах, сургалт судалгаа хийж, бэлэн байдлын түвшин тогтоох ажлын хэсэг өнөөдөр (2023.10.16) Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Энэ хүрээнд тус аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Б.Наранбаатар, ЗДТГ-ын Дарга Д.Содном, ТЗУХ-ийн Дарга Ц.Отгончимэг нартай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар дээрх аймгийн удирдлагууд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, “Цахим аймаг-Говьсүмбэр” хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулахаар ярилцлаа.

Цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн анхан шатанд буюу сум, багийн онцлог, бодит нөхцөлд тохируулахаас гадна салбар бүрт холбогдох яамдын дэмжлэг хэрэгтэй байгааг тус аймгийн Засаг дарга Г.Батсуурь хэлж байв.

Говьсүмбэр аймагт 3 сум, 10 багт нийт 5265 өрхийн 18 мянган иргэн амьдарч байна. Дээрх 3 сумын 9 баг интернэт сүлжээнд холбогдож, цахимаар төрийн үйлчилгээ авах боломж бүрдсэн. Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд аймгийн хэмжээнд холбооны шилэн кабелийн хамгаалалтын 8 зурвас 179.43 га газрыг бүртгэн, хамгаалалтад авч, хяналт тавин ажиллаж байна.

Аймгийн эдийн засгийн салбарын хувьд бусад орон нутгаас ялгаатай нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтойгоос гадна бизнесийн үр өгөөж үзүүлэлтээрээ дээгүүрт эрэмбэлэгддэг.

Аймгийн 2022 оны ДНБ-ийг салбараар харуулбал; худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийн салбар 55 хувийг, хөдөө аж ахуйн салбар 25 хувийг, үйлдвэрлэлийн салбар 20 хувийг эзэлж байна. Цаашид Говьсүмбэр аймагт тээвэр логистикийн хөгжлийг дараагийн шатанд гаргаснаар худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбаруудыг түлхүү хөгжүүлэх боломжтойг аймгийн удирдлагууд онцлов.