Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМ АЙМАГ” БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ энэ оны 3 дугаар сараас эхлэн үндэсний хэмжээнд өрнөсөн. Өнөөдөр (2023.10.18) 21 дэх аймагтаа буюу Дорнод аймагт холбогдох ажлын хэсэг ажиллаж байна.

Энэ өдрийн арга хэмжээг тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нээж, дээрх ажлын хэсгийн ахлагч, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Цахим хөгжлийн багц хуулийг танилцууллаа.

Үргэлжлүүлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Борхүү “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар төрийн албан хаагчдад танилцуулга, мэдээлэл өгөв.

Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн Л.Бат-Эрдэнэ тус аймгийн “Цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ” болон “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааны талаар мэдээлсэн юм. Тодруулбал,

Нутгийн захиргааны 73 үйлчилгээг цахимжуулсан бөгөөд “ХУРДАН” цэг нь аймгийн Засаг Даргын Тамгын газар, Авто тээврийн үндэсний төв, Монгол шуудан зэрэг гурван байрлалд байрлаж, өнгөрсөн таван сарын хугацаанд 3170 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлжээ.

Shilen.gov.mn -д Дорнод аймаг ил тод, шилэн үзүүлэлтээрээ сүүлийн байранд эрэмбэлэгдэж байсан бол 21 хоногийн хугацаанд 72 хувь болж өссөн буюу эхний аравт жагссан амжилттай байна.

Цаашид тус аймаг цахим шилжилтийн хүрээнд:

  • “Цахим Дорнод аймаг” хөтөлбөрийг боловсруулах
  • Дорнод аймгийн төрийн байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах
  • Иргэд, төрийн албан хаагчдын цахим орчинд ажиллах мэдлэг ур чадварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх
  • Цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Сумдад төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөөд байгаа аж.