Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санаачилгаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Digital first-D1” арга хэмжээг 2 сарын хугацаанд 21 аймагт амжилттай зохион байгууллаа.
Өнөөдөр (2024.05.03) тус арга хэмжээний хамгийн сүүлийн аймаг болох Дархан-Уул аймагт Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан баг болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 40 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилгатай оролцож, Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд:
Аймгийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, хувиараа бизнес эрхлэгч иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалт, хичээлүүд;
Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниудын болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн багийн зөвлөх үйлчилгээ;
Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий төрийн байгууллагын удирдлагууд мэдээллийн технологийн компани хоорондын багийн болон ганцаарчилсан уулзалт, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга;
Орон нутгийн жижиг дунд болон хувиараа бизнес эрхлэгчдэд цахим ур чадвар олгох сургалт, технологийн шийдлүүдийн танилцуулга зэрэг олон талт, цогц арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдав.