Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ХУРДАН” ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НАЛАЙХ ДҮҮРГИЙН БҮХ ХОРООДОД НЭВТЭРЧ, ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИЛҮҮ ОЙРТЛОО.

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг бүх хороо, сумдад үе шаттайгаар байгуулж байна.

Өнөөдөр /2024.06.04/ нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайх дүүргийн 10 хороодод буюу бүх хороонд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нэвтэрч иргэд хорооныхоо зохион байгуулагчаар дамжуулан өөрт хэрэгтэй лавлагаа, тодорхойлолтоо түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

Налайх дүүрэг нь Засаг захиргааны 8 хороотой бөгөөд 5 болон 6 дугаар хороод нь жуулчдыг татдаг байгалийн үзэсгэлэнт газар болох Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт байрладаг. Монгол Улсын авто замын босоо болон хэвтээ тэнхлэгийн огтлолцолд оршдог бөгөөд авто зам, төмөр зам, агаарын тээвэр хөгжсөн, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй, нийслэлийг цэвэр усаар хангаж буй эх үүсвэртэй шууд холбогдсон, аялал жуулчлалын гол бүс нутагт хамаардаг, хүн амын дийлэнх нь залуучууд болон хөдөлмөрийн насныхан эзэлдэг, ашигт малтмалын олборлолт ихтэй зэрэг олон давуу талтай дүүрэг юм.

Өмнө нь Налайх дүүргийн 6 дугаар хороонд оршин суудаг иргэн төрийн үйлчилгээг авахын тулд ойролцоогоор 28 км замыг туулдаг байсан бол өнөөдрөөс эхлэн хорооныхоо байрнаас харьяалал харгалзалгүйгээр төрийн үйлчилгээг авдаг болж байна.

“ХУРДАН” цэгээс иргэд автотээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, жолоодох эрхийн оноо, шинжилгээний хариу авах, зээлийн мэдээллийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Одоогийн байдлаар “ХУРДАН” цэг нийслэлд 96 байршилд, орон нутагт 125 байршилд, хилийн чанадад Австри, Австрали, Америк, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Бельги, Вьетнам, Герман, Египет, Их Британи, Итали, Казахстан, Канад, Кувейт, Лаос, Орос, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Тайланд, Турк, Унгар, Франц, Хятад, Чех, Швед, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 30 улсын 46 байршилд буюу нийт 267 цэгээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн үйлчилгээг иргэдэд И-монгол гар утасны аппликейшн, операторын систем буюу “ХУРДАН” цэг, хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэж байгаа бөгөөд тун удахгүй өөртөө үйлчлэх 24 цагийн “ХУРДАН” цэгийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэ сард 500 гаруй хувийн хэвшлийн “ХУРДАН” киоск машиныг улсын хэмжээнд хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд байршуулахаар ажиллаж байна.