Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ЦАХИМ УР ЧАДВАРЫН СУРГАЛТ СҮХБААТАР АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ.

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын хүн амын 83% нь интернэт идэвхтэй хэрэглэгч боловч өөрсдийн кибер аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах тухай ойлголт, мэдлэг дутмаг байдгаас үүдэж кибер халдлага, цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд ихээр гарч байна.

Тухайлбал, цахим ур чадварын судалгаагаар иргэдийн 73% нь цахим ур чадвар дутмаг, үлдсэн 26% нь зөвхөн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах түвшинд байдаг байна.

Иймд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг нийслэл болон орон нутгийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-тай хамтран цахим орчин дахь ул мөр, хувийн мэдээллээ зүй зохистой удирдах, байгууллагууд кибер аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах чиглэлээр бүх нийтийн цахим ур чадвар дээшлүүлэх III үе шатны сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдөр /2024.09.24/ Сүхбаатар аймагт кибер аюулгүй байдлын талаарх цахим ур чадварын сургалтыг 30 төрийн байгууллагын 140 албан хаагчдад амжилттай зохион байгууллаа.