Баянхонгор аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар , Прокурорын газар болон Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллагууд хамтран “БИД ЗАЛИЛУУЛАХГҮЙ ЭЭ” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд төрийн албан хаагчдын дунд “Цахим худалдаа ба залилан” сэдэвт сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

Цахим худалдаа, үйлчилгээний хэрэглээ өсөхийн хэрээр иргэд бараа, бүтээгдэхүүн худалдан авах, захиалга хийх үедээ цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдсээр байна.

Иймд хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хүний эрхийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, цахим худалдаанаас үүдэлтэй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулсан юм.

Сургалтаар “Цахим орчин дахь залилах гэмт хэрэг”, “Цахим худалдаа ба залилан”, “ Хувийн мэдээлэл хамгаалах арга зам”, “Аймгийн хэмжээнд залилах гэмт хэргийн нөхцөл байдал”, “Төрийн албан хаагчдын цахим ур чадвар ба ирээдүйн чиг хандлага ” зэрэг сэдвээр холбогдох байгууллагын төлөөлөл мэдээлэл өгч, оролцогчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүллээ.

Сургалт, нөлөөллийн арга хэмжээнд аймгийн төрийн байгууллагын 160 гаруй албан хаагч хамрагдаж, цахим орчин дахь залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй боллоо.
