Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ОРОЛЦООНД СУУРИЛСАН ЦАХИМ ШИЛЖИЛТ” БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ПАНЕЛИСТААР ОРОЛЦЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Европын Холбооны санхүүжилтээр “Пипл ин Нийд” Олон улсын ТББ, “Фаро Фаундэйшн” ТББ-аас хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь – DICE” төслийн хүрээнд Эмэгтэйчүүд, Залуучуудын Оюуны Сангаас “Оролцоонд суурилсан цахим шилжилт” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын дарга Ж.Анхбаяр панелистаар оролцож, төрөөс хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, төрийн үйлчилгээний хүртээмж, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хэрэгжилтийг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн төлөөлөл

болон хүний эрхийн байгууллагуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилготой хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний комисс, Сонгуулийн Ерөнхий хороо, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол Академи” УТҮГ-ын төлөөллүүд болон DICE төслийн Зөвлөлдөх хорооны гишүүн Б.Гэрэлсүрэн нар оролцсон юм.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын 50 гаруй оролцогч “Word Cafe” хэсэгт панелистуудаас сонирхсон асуултаа асууж, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал, санаачилгаа хуваалцлаа.