Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ төрийн үйлчилгээг иргэн болон хуулийн этгээдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо техникийн ажлын айлчлал хийж байна.

Энэ хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлэх тогтолцоо, байгууллагын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашдын зорилт төлөвлөгөөтэй танилцаж дэд бүтэц, мэдээлэл солилцоо болон технологийн шийдлүүдийн талаар санал солилцлоо.

Уг айлчлал нь “Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ногоон шилжилтийг дэмжих зорилгоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хөрөнгийн эх үүсвэрийг татах боломжийг бүрдүүлэх” техникийн туслалцааны төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд бизнесийн орчныг боловсронгуй болгохын зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Эдийн засаг, хөгжлийн яам-ны хүсэлтийн дагуу Монгол Улсын бизнесийн бүртгэлийн тогтолцооны эрх зүйн орчин, институтийн зохион байгуулалт, технологийн шийдэл, үйл ажиллагааны урсгалд иж бүрэн үнэлгээ хийх, мөн төрийн үйлчилгээний зохион байгуулалт, мэдээллийн уялдаа холбоог хамтад нь судлан шинжилж, олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх зөвлөмж боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна.

Мөн холбогдох хууль эрх зүй, зохицуулалтын орчин, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, ашиглаж буй технологийн шийдлүүдэд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээнд суурилсан тайлан болон цаашдын сайжруулалтын зөвлөмжийг боловсруулах юм.
