Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт инновац хийх чадвартай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүд залуусыг дэмжих, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 21 аймгийн Засаг даргын дэргэд “ХУРДАН” клубийг үе шаттайгаар байгуулж, өнөөдрийн байдлаар 3000 гаруй гишүүнтэй болсон байна.

Тэгвэл Ховд аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс нь аймгийн ахмадын хороотой хамтран 30 гаруй гишүүнийг нэгтгэсэн ахмадын “ХУРДАН” клубийг байгуулж, анхны сургалтаа зохион байгуулжээ.
Сургалтаар:
-Мэдээллийн технологийн дэвшлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх,
-Төрийн үйлчилгээг цахимаар авах,
-Өдөр тутмын амьдралд цахим хэрэглээ, ур чадвар,
-Мэдээллийн аюулгүй байдал ба цахим залилан зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдлэг мэдээлэл түгээлээ.

Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас гаргасан 2024 оны судалгаагаар нийт ахмадын 21.9 хувь нь мэдээллийн ур чадвартай буюу цахим орчинд ажиллах чадамжтай гэсэн дүн гарчээ.


Иймд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсээрээ дамжуулан “Бүх нийтийн цахим ур чадвар”-ыг дээшлүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын талаар ойлголт, мэдлэг өгөх зорилгоор улс орон даяар “ХУРДАН” клубийг байгуулан ажиллаж байна.
