Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

Хоёр орны эрдэмтэн, судлаачид хиймэл оюун, технологийн чиглэлээр туршлага солилцох уулзалт хийв

Facebook
Twitter
LinkedIn

БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид Улаанбаатар хотноо технологи, хиймэл оюуны чиглэлээр туршлага солилцох уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Бээжингийн их сургуулийн Инновац, энтрепренершипийн сургуулийн профессор Лиү Деяин тэргүүтэй эрдэмтэн, судлаачид, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн дэд профессор Б.Наранчимэг болон холбогдох албаны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцов.

Уулзалтын үеэр талууд хиймэл оюун, дэвшилтэт технологийн хөгжлийн чиг хандлага, инновацын экосистемийг төлөвшүүлэх бодлого, хамтын ажиллагааны туршлага, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Бээжингийн их сургуулийн төлөөлөгчид их сургуулийн судалгааны лабораторийг түшиглэн шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарааны бизнесийг хөгжүүлэх замаар олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай технологийн компаниудыг бий болгосон туршлагаа танилцуулсан юм.

Түүнчлэн инновацын санхүүжилт, хөрөнгө оруулалтын орчин, технологи дамжуулалт, судалгааны үр дүнг арилжаалах тогтолцооны талаар мэдээлэл өглөө.

Мөн хиймэл оюуныг газар тариалан, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт өргөнөөр нэвтрүүлэн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг сайжруулах, шийдвэр гаргалтыг өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодит жишээ, үр дүнгээсээ хуваалцав.

Уулзалт нь Монгол, БНХАУ-ын байгууллагуудын хооронд дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааны чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, хамтарсан судалгаа, инновацын төсөл хэрэгжүүлэх боломжийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.