Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулсан “Цахим Дархан” арга хэмжээний нэгэн онцлох үйл ажиллагаа нь “Маргаашийн хотын Хакатон” тэмцээн байлаа.

Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдсан энэхүү тэмцээн нь орон нутгийн тулгамдаж буй асуудлыг технологийн дэвшил, шинэлэг шийдлээр даван туулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд үе үеийн төлөөллийг багтаасан 10 баг нэг дор чуулж, оюун ухаан, ур чадвараа сорьсон юм.

Тэмцээнд оролцогч багууд дээд үеийнхний арвин туршлага, дунд үеийнхний практик мэдлэг, залуу үеийнхний технологийн сэтгэлгээг нэгтгэн хотын хөгжил, төрийн үйлчилгээний хүртээмж, ногоон байгууламж, ухаалаг дэд бүтэц зэрэг чиглэлээр шинэлэг төсөл, шийдлүүдийг боловсруулан өрсөлдлөө.

Үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлсэн энэхүү хакатон нь зөвхөн технологийн шийдэл эрэлхийлээд зогсохгүй, Дархан хотын ирээдүйн хөгжилд иргэн бүрийн дуу хоолой, оролцоо чухал болохыг харуулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.





