REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Facebook
Twitter
LinkedIn

Судалгааны өмнөх үг

Монгол Улс нь ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш төрийн үйлчилгээний хүртээмж, хурд, ил тод байдлыг сайжруулах зорилгоор цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэхүү шилжилт нь иргэдэд төрийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч авах боломжийг олгож, цаг хугацаа, хөдөлмөрийг хэмнэх чухал ач холбогдолтой юм.

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнд суртлыг бууруулах, ил тод байдлыг хангах зэрэгт цахим үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч иргэдийн бодит сэтгэл ханамж, тулгарч буй бэрхшээл, санал хүсэлтийг судлах нь энэхүү шилжилтийг улам бүр амжилттай болгоход зайлшгүй шаардлагатай юм. Иймд бид “Төрийн цахим үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г боловсруулж, иргэдээс бодит мэдээлэл цуглуулж байна. Энэхүү судалгааны үр дүнд төрийн цахим үйлчилгээний бодлого, хэрэгжилтэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Таны судалгаанд оруулсан үнэн бодит мэдээлэл нь ирээдүйд илүү хялбар, үр ашигтай цахим үйлчилгээ бий болгоход тус дөхөм болно.

Судалгааны зорилго

Энэхүү судалгааны үндсэн зорилго нь төрийн цахим үйлчилгээний өнөөгийн байдлыг иргэдийн сэтгэл ханамжийн үүднээс үнэлж, цаашид сайжруулах чиглэлийг тодорхойлоход оршино. Тодруулбал:

  • Төрийн цахим үйлчилгээг ашиглаж буй иргэдийн сэтгэл ханамжийн ерөнхий түвшинг үнэлэх: Үүнд үйлчилгээний чанар, хурд, ашиглахад хялбар байдал, мэдээллийн аюулгүй байдал зэрэг үзүүлэлтийг судлах.
  • Иргэдэд тулгарч буй гол бэрхшээл, саад тотгорыг тодорхойлох: Цахим үйлчилгээний системийн алдаа, мэдээлэл дутмаг байх, нэвтрэхтэй холбоотой асуудлууд болон бусад тулгарч буй бэрхшээлүүдийг олж илрүүлэх.
  • Иргэдийн санал, хүсэлтийг цуглуулах: Цахим үйлчилгээг цаашид сайжруулах, шинээр нэмэх шаардлагатай үйлчилгээний талаарх саналуудыг судлах.

Хамрах хүрээ

            Тус судалгааг нийслэл болон 21 аймгийн хэмжээнд 18 наснаас 61-ээс дээш насны 1,929 иргэн хамрагдсан болно.

Судалгааны үр дүн

Судалгаанд хамрагдсан иргэдийн мэдээлэл насны бүлгээр

Судалгаанд хамрагдсан 18-25 насны иргэдийн дийлэнх нь Дархан-Уул, Нийслэл, Дундговь аймгаас асуумжид оролцсон байна.

Судалгаанд хамрагдсан 26-35 насны иргэдийн дийлэнх нь Увс, Нийслэл, Дархан-Уул аймгаас асуумжид оролцсон байна.

Судалгаанд хамрагдсан 36-45 насны иргэдийн дийлэнх нь Увс, Нийслэл, Дархан-Уул аймгаас асуумжид оролцсон байна.

Судалгаанд хамрагдсан 46-60 насны иргэдийн дийлэнх нь Нийслэл, Увс, Дархан-Уул аймгаас асуумжид оролцсон байна.     

Судалгаанд хамрагдсан 60 наснаас дээш насны иргэдийн дийлэнх нь Нийслэл, Увс, Дархан-Уул аймгаас асуумжид оролцсон байна.      

Судалгаанд хамрагдсан 53 хувь буюу 1,025 эмэгтэй, 47 хувь буюу 904 эрэгтэй нийт 1,929 иргэн хамрагдсан.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 52 хувь нь төрийн үйлчилгээний цахимжилтад маш их сэтгэл ханамжтай, 38 хувь нь сэтгэл ханамжтай, 10 хувь нь дундаж сэтгэл ханамжтай гэж хариулсан байна.

            Мөн төрийн үйлчилгээг цахимаар авахад  25 хувь нь үйлчилгээ авахад ойлгомжгүй хүндрэлтэй байдаг, 23 хувь нь бэрхшээл байхгүй, 15 хувь нь ухаалаг төхөөрөмж ашиглаж чаддаггүй, 13 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмж тааруу, 12 хувь нь хүссэн үйлчилгээ байхгүй, 12 хувь нь интернэтийн хурд муу гэж хариулсан байна.

Цаашид төрийн цахим үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс дараах саналууд хамгийн түгээмэл гарсан. Үүнд:

  1. Илүү ойлгомжтой ашиглахад энгийн хялбар болгох;
  2. Киоск машины хүртээмжийг сайжруулах;
  3. Иргэдийг мэдээ мэдээллээр хангах;
  4. Хурдан шуурхай болгох;
  5. Интернэтийн хурдыг сайжруулах;
  6. Бүх үйлчилгээг цахимжуулах;
  7. Цахимаар авсан бичиг баримтуудаар бүх байгууллага үйлчилдэг болох.