
Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор батлагдсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна.

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй хэлбэрт шилжүүлэх зорилготой тус хөдөлгөөний хүрээнд “Цахим Багануур” сургалт, нөлөөллийн арга хэмжээ албан ёсоор эхэллээ.

Тус өдөрлөгийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд төрийн албан хаагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.

Өдөрлөгийн хүрээнд Багануур дүүрэгт 24 цагаар тасралтгүй ажиллах өөртөө үйлчлэх “ХУРДАН” 24/7 үйлчилгээний цэгийг албан ёсоор нээж, иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжийг нэмэгдүүллээ.

“Цахим Багануур” өдөрлөг нь төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны бүтээмжийг сайжруулах, иргэдийн цахим хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх замаар орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
