Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилтын дагуу өнөөдөр /2026.07.01/ Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “ХУРДАН” үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ.

Өмнөх уулзалтаар төрийн байгууллагуудын эзэмшлийн 279 киоск төхөөрөмжөөр тухайн байгууллагууд зөвхөн өөрийн үйлчилгээг үзүүлдэг байсан бол “ХУРДАН” киоскын 108 төрийн үйлчилгээг нэмж үзүүлэхээр тохироод байсан билээ.

Энэхүү ажлын хүрээнд Оюуны өмчийн газар манлайлан өөрийн эзэмшлийн киоск төхөөрөмжид “ХУРДАН” системийн 108 төрийн үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд өөрт хамгийн ойр цэгээс илүү олон төрийн үйлчилгээг хялбар, шуурхай авах боломж бүрдэж байна.

Арга хэмжээнд Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, Салбар дундын зохицуулалт, дахин загварчлалын газрын дарга Б.Дөлгөөн, Дахин загварчлалын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Г.Гантулга, “Гэрэгэ киоск” ХХК-ийн захирал Д.Алтангэрэл болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

