Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ “ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ”-ИЙН САЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгын хүрээнд “Процессын дахин инженерчлэл” сэдэвт өглөөний уулзалтыг /2026.07.01/ зохион байгууллаа.

Уулзалтад төр, хувийн хэвшлийн 15 байгууллагын төлөөлөл оролцож, процессын дахин инженерчлэлийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлсэн сайн туршлага, үр дүн, сургамж, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар нээлттэй санал солилцов.

Уулзалтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар процессын дахин инженерчлэлийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас танилцуулж, Стандарт, хэмжил зүйн газар болон Жижиг, дунд үйлдвэрийн газарт хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн, туршлагыг холбогдох зөвлөх байгууллагууд болон төрийн байгууллагын төлөөллүүд хуваалцлаа.

Мөн процессын дахин инженерчлэлийн үр дүнд байгууллагын үйл ажиллагаа хэрхэн оновчтой болж, үйлчилгээний чанар, бүтээмжид ямар өөрчлөлт гарсан талаар бодит туршлагаа танилцуулсан юм.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх, шат дамжлагыг бууруулах, иргэн төвтэй, хурдан шуурхай үйлчилгээг бий болгоход процессын дахин инженерчлэл чухал ач холбогдолтой бөгөөд энэ чиглэлд хувийн хэвшлийн байгууллагуудын хуримтлуулсан мэдлэг, туршлагыг төрийн байгууллагуудад нутагшуулах нь цахим шилжилтийг эрчимжүүлэх чухал хөшүүрэг болохыг оролцогчид онцоллоо.