Skip to main content

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЗӨВШӨӨРӨЛ, ҮЙЛЧИЛГЭЭ СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг арилгах зорилготой “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зөвшөөрөл үйлчилгээ арга хэмжээ” өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын XI байрны 1 давхарт байрлах “Зөвшөөрлийн мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулагдлаа. “Зөвшөөрлийн мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв”-д зөвшөөрлийн талаар яамдууд энэ арга хэмжээг ээлжлэн хийж байгаа ба энэ удаад ХАА яам мэдээлэл танилцуулга хийлээ.

Арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц. Болорчулуун, Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т. Баясгалан нар нээж үг хэллээ. Энэ хүрээнд яам болон харьяа байгууллагууд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хууль тогтоомжид нийцүүлэх, цахим системийн бүртгэл болон зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, шийдвэрлэх хугацааг богиносгох чиглэлээр ажиллаж байна. Зөвшөөрлийн шинэчлэл нь зөвхөн зөвшөөрлийн тоог бууруулахаас гадна иргэн, аж ахуйн нэгжийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдлийн газрын дарга Б.Баяртуяа “Зөвшөөрлийн цахим системийн хэрэгжилт ба ашиглалт” сэдвээр танилцуулга хийлээ.

Танилцуулгын дараа оролцогчид зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим системийн ашиглалт болон төрийн үйлчилгээ авахад тулгарч буй асуудлаар асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэн, харилцан мэдээлэл солилцлоо.

Тус арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 16–20-ны өдрүүдэд буюу энэ долоо хоногийн турш үргэлжилнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Ургамал хамгааллын газар, Мал эмнэлгийн ерөнхий газруудаас олгох зөвшөөрөл, төрийн үйлчилгээ, цахимжилт, анхаарах асуудлаар холбогдох яам, агентлагийн албан хаагчид иргэн, бизнес эрхлэгчдэд зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомж, шаардлагын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.