Skip to main content

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМ ӨВӨРХАНГАЙ”: КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХИЙМЭЛ ОЮУН, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР “СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, цахим соёлыг төлөвшүүлэх зорилготой “Цахим Өвөрхангай” арга хэмжээ өнөөдөр Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежид зохион байгуулагдсан цахим ур чадварын сургалтаар эхэллээ.

Арга хэмжээний хүрээнд тус коллежийн сурагчдыг хамруулсан “Сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгуулж, кибер аюулгүй байдал, хиймэл оюуны хэрэглээ, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим дээрэлхлээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл олгов.

Мөн өсвөр үеийнхний цахим боловсрол, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Өвөрхангай аймагт Өсвөрийн “ХУРДАН” клубийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, 100 гаруй сурагчид клубийн гишүүний батламж гардууллаа.

Арга хэмжээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин оролцож, клубийн гишүүдэд батламж гардуулан, дижитал эрин үед хүүхэд, залуусын цахим ур чадвар, технологийн мэдлэгийг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Өсвөрийн “ХУРДАН” клуб нь хүүхэд, залуучуудын цахим ур чадварыг дээшлүүлэх, дижитал орчинд зөв, хариуцлагатай оролцох мэдлэгийг түгээхээс гадна багаар ажиллах, манлайлах, бүтээлч сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сайн дурын оролцооны платформ юм.

“Цахим Өвөрхангай” арга хэмжээний хүрээнд цаашид төрийн цахим үйлчилгээ, цахим шилжилт, цахим ур чадварыг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээ, сургалт, уулзалтуудыг зохион байгуулах юм.