Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМЖУУЛАХАД ЭСТОНИ УЛС ЗӨВЛӨНӨ

Facebook
Twitter
LinkedIn

2019 онд Эстонийн И-Засаглалын академитай Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр 1000 гаруй төрийн үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч И-Монгол 3.0 хувилбарыг 2023 онд олон нийтэд танилцуулсан юм. Мөн УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 багц хуулиудыг батлаж 60 гаруй журмыг боловсруулан батлуулсан.

Тус зөвлөх үйлчилгээний үр дүнд Монгол улс НҮБ-ын цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилсан бөгөөд Эстоний нийслэл Талин хотод зохион байгуулагдсан “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний уулзалтын үеэр МУ-ын Засгийн газрыг “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж цахимжилтийн үр дүнг өндрөөр үнэлжээ.

Тэгвэл энэ өдрүүдэд ЦХХХ-ы сайд Н.Учралын Эстони улсад хийгдэж буй айлчлалын үеэр И-Засаглалын академитай цахимжилтийн 2 дахь түвшний хамтын ажиллагааг эхлүүлж ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, И-Засаглалын академийн захирал Ханнес Асток нар гэрээнд гарын үсэг зурлаа. Тус зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагааны хүрээнд иргэн бүрт тоон гарын үсгийг түгээх, бизнесийн зөвшөөрлийг цахимжуулж И-Бизнес шийдлийг боловсруулж Эстони улсын сайн туршлага “Цахим оршин суугч” платформыг нэвтрүүлэхээр харилцан тохирлоо.