Төрийн цахим үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх “ХУРДАН” цэгийн ТҮЦ машинуудад автотээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлэх үйлчилгээ өнөөдрөөс /2023.09.18/ нэвтэрлээ.
Энэхүү үйлчилгээний давуу тал болон иргэд хэрхэн ТҮЦ машинаар үйлчлүүлэх талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран нар мэдээлэл өгөв.
Улаанбаатар хотод “ХУРДАН” цэгийн ТҮЦ машин дараах 8 байршилд үйлчилгээг хүргэж байна. Үүнд:
- “Дүнжингарав” худалдааны төв;
- Чингэлтэй дүүргийн “Нэг цонхны үйлчилгээний нэгдсэн төв”;
- Мишээл-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв;
- “Жанжин клуб” Соёлын ордон;
- “Хан плаза” худалдаа үйлчилгээний төв;
- “22 авто худалдааны цогцолбор”;
- “Төв шуудан”;
- “Да хүрээ” авто худалдааны төв
Энэ долоо хоногт нийслэл төдийгүй аймаг, сумдын нийт 125 “ХУРДАН” цэгээр автотээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлэх энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх талаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар мэдээллээ.
Дээрх тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх үйлчилгээг хуулийн хүрээнд хурууны хээгээр баталгаажуулан, тоон гарын үсгээр өмчлөл шилжүүлэх цахим хэлцэл буюу цахим гэрээг байгуулан хийх юм.
Ийнхүү тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулснаар төрийн байгууллагын ажлын өдөр, ажлын цагаас үл хамааран автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан 24 цагийн хэдийд ч авах боломж бүрдэж байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн байгууллагуудаас тус бүрд нь дараалалд зогсож үйлчилгээ авах бус нэг цонхны үйлчилгээг операторын горимд шилжүүлэн нэг үйлчилгээний ажилтнаас 35 байгууллагын 440 үйлчилгээг одоогоор нэг дор авах боломжийг бүрдүүлээд байгаа бол цаашид 56 байгууллагын 785 үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэн нэг цонхноос нэг оператораас төрийн бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх юм.