Төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэдэг “Хурдан” цэгийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18-р хороо, Бэлхийн автобусны эцсийн буудлын байр болон 16-р хороо, Тоосгоны үйлдвэрийн автобусны эцсийн буудал дээр байгуулж нээлээ. Ингэснээр 16-р хорооны 11 мянга, 18-р хорооны 9 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээ улам ойртож байна.

Өмнө нь тус хороодын иргэд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны байранд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”, Чингэлтэй дүүргийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийн байранд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” рүү 5-8 км замыг туулж төрийн үйлчилгээг авдаг байсан юм.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Нийслэлийн 46 цэг, орон нутгийн 81 цэг, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын 24 улсын 38 цэг, хилийн боомтын 1 цэг, нийт 166 цэгээр дамжуулан хүн, хуулийн этгээдэд төрийн цахим үйлчилгээг хүргэж байна.
