Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМД ХЭВШЬЕ” УРИАН ДОР ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ӨРНӨЖ БУЙ “DIGITAL FIRST-D1” АРГА ХЭМЖЭЭ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Цахим шилжилт аймаг, орон нутагт бодитоор хэрхэн хэрэгжиж байгаа, иргэд цахим хэрэглээг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадаж байгаа эсэх, төрийн үйлчилгээ иргэдэд тэгш, хүртээмжтэй хүрч чадаж байгаа болон цаашид төрөөс, салбараас бодлогын ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад хариулт өгөх, цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ гишүүн 22 байгууллага хамтран зохион байгуулж буй “Цахимд хэвшье” уриа бүхий “Цахим хөгжлийн өдөрлөг” өнөөдөр (2024.04.05) баруун бүсийн 2 дахь аймаг Ховд аймагт үргэлжилж байна.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, ЦХХХЯ-наас батасан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээний хүрээнд:

Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ, аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал, цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломж, орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн талаар танилцуулга, мэдээллүүд,

Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн ажилтан, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, нийтлэг журам, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/, цахим орчны зохицуулалт, docx, erp, sudalgaa.gov.mn, ekids системийн талаар сургалт,

Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим ур чадвар дээшлүүлэх сургалт,

Жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллага, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл, сургалт зэрэг арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдана.