Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг хойд бүсийн эхний аймаг болох Хөвсгөл аймагт “Цахимд хэвшье” уриатай “Digital first-D1” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ болон харьяа, салбар байгууллагын төлөөлөл, төр, хувийн хэвшлийн хамтарсан баг аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудад шийдэл, санал болгох, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.
Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, үзэсгэлэн худалдаа, жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгчдэд бизнесээ хэрхэн өргөжүүлэх, программ хангамжийн танилцуулга, сургалт зэрэг арга хэмжээ нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.
Хөвсгөл аймгийн 22 сум, 1 тосгонд өндөр хурдны интернэтийн 1480 км шилэн кабелийн сүлжээ нэвтэрсэн ба нийт хүн амын 95.8% интернэтийн сүлжээнд холбогдсон. 129 багийн 25 нь 4G, 82 баг нь 3G сүлжээнд холбогдож, аймгийн хэмжээнд цахилгаан холбооны гурвалсан үйлчилгээг Цагаан уул, Тариалан, Тосонцэнгэл сум, Хатгал тосгонд нэвтрүүлсэн.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 76 үйлчилгээг холбосон бол 4 байршилд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийн байдлаар 12000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 47000 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор тооцсоноос 4.465 иргэн буюу 9.7% нь тоон гарын үсэгтэй болсон байна.