Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Зүүн бүсийн аймгийн Засаг дарга болон Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга нартай цахим уулзалт зохион байгууллаа.

Facebook
Twitter
LinkedIn

Тус уулзалтаар “Цахим аймаг” бодлогын зөвлөмжид тусгагдсан ажлуудыг дүгнэх, цаашид орон нутагтаа цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний саналыг аймгийн Засаг дарга нараас авч хамтран ажиллах гэрээ байгуулах талаар хэлэлцэв.

Анхны цахим жишиг аймаг болох Дархан-Уул аймгийн туршлагыг судалж, орон нутагтаа нэвтрүүлэх асуудлыг хөндлөө. Жишээлбэл, Дархан-Уул аймаг гэхэд ухаалаг төлбөр тооцоо системийг нэвтрүүлж, ус, цахилгаан, байр, тог, СӨХ-ийн төлбөрөө нэг аппликейшнээр төлдөг. Мөн усны ухаалаг тоолуур хэрэглэж, гар утаснаасаа мэдээллээ авч байна. Энэ мэт технологийн дэвшил ашигласан шийдлүүдийг орон нутагт нэвтрүүлэх боломжтой.

Цахим уулзалтаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга нар орон нутагтаа цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ танилцуулав.

Хэнтий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн |ТЦҮХ| дарга Ц.Батжаргал “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Хэнтий аймаг улсдаа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. 38 баг 3G, 21 баг 4G сүлжээнд холбогдож, 22,000 иргэн тоон гарын үсэг авсан. ХУРДАН-гийн 3 цэг аймагт байгаа бол 7 газар КИОСК байгуулж, shilen.gov.mn, huduu.mn, gov.mn мэдээллээ оруулах зэрэг ажлуудыг хийж байна” хэмээн танилцуулав.

Харин Сүхбаатар аймаг дахь ТЦҮХ-ийн дарга Ц.Энхчимэг хэлэхдээ “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Сүхбаатар аймаг тавдугаарт эрэмбэлэгдсэн. Аймгийн 13 суманд ХУРДАН-г нэвтрүүлж, “Digital first” үйл ажиллагааг зохион байгуулж, өнгөрөгч 11-р сараас КИОСК байрлуулж, 192 иргэнд үйлчилгээ үзүүллээ” хэмээв.

Дорнод аймаг дахь ТЦҮХ-ийн дарга Г.Мягмаржаргал “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Дорнод аймаг 14-т эрэмбэлэгдсэн. 13 сум шилэн кабельтай холбогдож, 55.300 иргэн тоон гарын үсэг авахаас 33,200 авлаа. ХУРДАН цэгийг 2023 оны 3-р сараас нэвтрүүлж, нийт 17 цэг байгуулсан. Цахим ур чадвар төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгаас 34.8 сая, НҮБ-аас 103.5 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. Камержуулалтын хүрээнд 2024 онд 1 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2025 онд 2 тэрбум төгрөгийг зарцуулна. Дорнод аймгийг “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна” гэж онцлов.

Дэлхий нийтээр хотжих явц эрчимжиж, хотын эдийн засаг дэлхийн эдийн засгийг тодорхойлж байгаа энэ үед “Цахим аймаг” хөтөлбөрийг томоор харж, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох нь чухал. Энэ тал дээр яамны зүгээс бодлого боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн төрийн бүх байгууллагуудын вэб сайтуудыг он гаргаад хаах учраас мэдээллээ www.gov.mn рүү бүрэн оруулж дуусгах шаардлагатай гэдгийг онцоллоо.