Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын төлөөлөлтэй хамтран ажиллах тухай уулзалт зохион байгууллаа.

Манай Улс 2021 онд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай болсноор хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг илүү өргөн хүрээгээр баталгаажуулж , нарийн зохицуулалтыг бий болгосон. Түүнчлэн, тус хууль нь Кибер аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуультай харилцан уялдаатай үйлчилж, Монгол Улсад кибер аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг хангах цогц тогтолцоог бүрдүүлж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжихийн хэрээр иргэдийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлаа хамгаалах мэдлэг ойлголтыг дээшлүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Тиймээс энэ удаагийн уулзалтын үр дүнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас хэрэгжүүлж буй “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян”-ы хүрээнд иргэдийн цахим орчин дахь хувийн мэдээллийг хамгаалах, түүнтэй холбогдох хууль, эрх зүйн талаарх мэдлэгийг төрийн албан хаагчид, алслагдсан бүс нутгийн иргэд, малчин өрх, зорилтот бүлгийн иргэдэд түгээхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа, Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг, Референт, Л.Болдхүү, Х.Хулан, Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч Ө.Энхтөр, Ахлах мэргэжилтэн Б.Замилан болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяр, Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа, Аймаг хариуцсан хэлтсийн дарга Б.Дөлгөөн нар оролцсон юм.
