Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” ЗҮҮН БҮСИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх, хүүхэд, залуусын багийн ажиллагаа, сэтгэлгээний уян хатан байдал, дижитал ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “ЭРГЭХ ХОЛБОО CUP – 2025” гурван төрөлт тэмцээнийг зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зохион байгуулах гэж байна.

Зүүн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн Нэгдсэн ажлын албанаас санаачлан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүд өөрсдийн мэдлэг, авьяас, технологийн ур чадвараараа өрсөлдөх юм.

“ЭРГЭХ ХОЛБОО CUP – 2025” тэмцээн үндсэн гурван төрлөөр зохион байгуулагдана. Үүнд:

  1. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дрон жолоодлого
  2.         Сонирхогчдын /commercial/
  3.         Тоглоомын /toy/
  4.          Өөрөө угсрах /DIY/
  5. Цахим спортын тэмцээн
  6.          Mobile Legends (сонирхогчдын)
  7.          PUBG Mobile (сонирхогчдын)
  8. “DIGITAL FIRST” сэдэвт илтгэлийн тэмцээн 

2025 оны Дэлхийн эдийн засгийн форумаас танилцуулсан “Ирээдүйд хамгийн их эрэлттэй 10 ажлын байр”-ны жагсаалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологи, хиймэл оюуны салбарын мэргэжлүүд тэргүүлж байна. Иймд тус тэмцээн нь Зүүн бүсийн ахлах ангийн сурагчдыг дижитал эринд бэлтгэх, мэдээллийн технологийн салбарын талаар ойлголт өгөх, ахлах ангийн сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтод нөлөө үзүүлэх чухал алхам болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Мөн тэмцээний үеэр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион явуулахаас гадна хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг Сүхбаатарын талбай, Автотээврийн төв, Спорт цогцолборын гадна талбайд байрлуулж, төрийн үйлчилгээ авах боломжоор хангах юм.

Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Гэрэгэ киоск” ХХК-иас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлагуудад төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” киоск машин гардуулан өгөхөөр төлөвлөөд байна.

Цаашид тус тэмцээнийг жил бүр зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулна.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Зүүн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн Нэгдсэн ажлын алба
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
  • Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар

Хамтран зохион байгуулагч:

  • Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Дэмжигч:

  • “Ай Ти Зон” ХХК
  • Тапа