Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛЖ, ИЛ ТОД БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Facebook
Twitter
LinkedIn

Нээлттэй мэдээллийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын цахим хуудсанд байршуулсан мэдээллийг автоматаар татан авч хянах, хиймэл оюунд суурилсан шийдлээр үнэлгээ, хяналтыг сайжруулах, олон нийтийн оролцоонд тулгуурласан ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын төлөөлөл болон иргэний нийгмийн байгууллагууд оролцож, нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөндлөнгийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх боломжийг хэлэлцэв.

“Шил ажиллагаа”-ны хүрээнд хэрэгжиж буй shilen.gov.mn систем нь төрийн байгууллагуудын нээлттэй мэдээллийг нэг цэгээс олон нийтэд хүргэх, иргэд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд холбогдох хууль, эрх зүйн орчныг үе шаттайгаар боловсронгуй болгож байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нээлттэй мэдээллийг 87 шалгуур үзүүлэлтээр улирал тутам үнэлж “Шилэн индекс”-ийг нийтэлж байгаа бөгөөд 2025 оны байдлаар 4,600 гаруй мэдээлэл хариуцагч байгууллагыг хамруулан тайланг баталгаажуулж, олон нийтэд ил тод байршуулжээ.

Цаашид мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, төр–иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр талууд санал нэгдлээ.

error code: 522